Friday, May 22, 2009

Аз

Саяхан Боловсрол тв-р байнга гараад байдаг усны тухай их гоё баримтад киноог үзэж байгаад урьд нь анзаарч байгаагүй бодууштай үг сонслоо.
Утга нь нэг иймэрхүү:
Аз байдаг гэдэгт итгэх нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр, шинжлэх ухаанд ч (эсвэл рациональ ухаанд), шашинд ч (бас шашинтай төстэй итгэл бишрэлийн хэлбэрүүдэл ч) аз гэдэг ойлголт байхгүй. Аль нэгэнд нь итгэдэг хүн аз хүлээгээд, эсвэл үр дүнг аз-аар тайлбарлаад байдаггүй. Рациональ хүний хувьд өөрөөс нь шалтгаалаагүй эсвэл шинжлэх ухаанаар тайлбарлагдашгүй зүйлс гэж байх боломжгүй. харин шашинлаг эсвэл сүнслэг чанарт (spirit) итгэдэг хүмүүст мөн адил шалтгаангүй аз гээч хэзээ ч тохиолдохгүй.

Үнэмшилтэй л гэж бодож байна.

Би харин рациональ нь уу, шашинлаг нь уу, азанд итгэгч нь үү, өөрийгөө анзаарч ажиглах хэрэгтэй юм байна.

Сонгуулийн тухайд

Хэн нь хамгийн муу вэ гэсэн уралдааныг үзээд дотор нь муухай оргиж байгаа бас санал өгөх хүн алга, аль аль нь болж бүтэхгүй байна гэж байгаа хүмүүст ч би ч гэсэн анхандаа тэгж бодож байсны хувьд хуваалцах юм байна.
24н боллоо, тэр өдөр саналаа өгөх өгөхгүй шийдэгүй байсан ч ямар ч байсан хэсгийн хорооруугаа очоод бүртгэлээ шалгаж үз. Тэгээд болуул бага ч гэсэн ардчилалд талтай байгаагийнх нь нэрийн өмнөх дугаарыг дугуйлчуул :) Бүүр болж өгөхгүй байвал хоосон орхилгүйгээр аль алиныг нь дугуйлаад саналын хуудсаа бүр мөсөн хүчингүй болгох. Хоосон өгчүүл нөгөө луйвар гарах бэлэн өгөөш ш дэ.

Monday, April 27, 2009

Бекариа: Эрх чөлөө, эрдэм мэдлэг

Хуульчид, хуульч болохоор суралцаж буй оюутнуудын гарцаагүй унших ном бол Чезаре Бекариагийн "Гэмт хэрэг ба ялын тухай" гэх ном. Эхний өгүүлбэрээрээ л надад нийгмийн гэрээг буюу хууль гэж юу болохыг ой тоонд ортол хэлээд өгсөн юмдаг. Хууль, түүнийг яагаад хамгаалах учиртайг маш тодорхой тайлбарлангаа бусад энгийн үнэнийг хамтад нь бичичихжээ. Энэ номыг Г.Эрдэнэбат багш орчуулаад хоёр ч удаа хэвлүүлээд байгаа.

Саяхан нэг сэргээж харсан чинь "цаг үеийн нөхцөл байдлаас" болоод юмуу яагаад ч юм энэ хэсэг их анхаарууштай санагдлаа:
"... эрх чөлөөг эрдэм мэдлэгийн хамт түгээн дэлгэрүүл. Соёл гэгээрэлтэй муу үйл урвуу, харин сайн үйл шууд хамааралтай байдаг. Бусдыг залин мэхлэгчид ямагт хүмүүсийн бүдүүлэг харанхуйг далимдуулдаг бөгөөд ухаарч гэгээрсэн хүмүүс тэднийг илчилж орхидог юм. Ард олон гэгээрлийн үр шимийг хүртэхээрээ үг дуугүй хүлцэн дагахаас татгалзаж, эрх мэдэлтэнд шүтэхийг болиод оронд нь хуулийг өргөмжилж, түүний хүч нөлөө хөдлөшгүй болон тогтдог".

Хүмүүс эрх чөлөөтэй гэх боловч энэ эрх чөлөөгөө эрхэмлэн хамгаалах ухаарал /awareness гэх гэсийн/ байхгүй бол эрх чөлөөгөө тавиад тууж байгаагаа анзаарахгүй байсаар нэг л мэдэхэд George Orwell-ийн 1984 болно. Ядаж л бусдын сайхан амлалтуудад баярлахаасаа өмнө эргэлзэж тунгааж үзмээр байна. "Эрдэм мэдлэгийн гол уурхай" гэгддэг их дээд сургуулийг онц сурвал үнэгүй болгоно гэнэ. Өнөөгийн тогтолцоонд онц сурах шиг амархан юм байхгүйг оюутан бүр л мэднэ.
Үнэгүй боловсол - үнэ цэнэгүй боловсрол - мөнгөгүй боловсрол - сайн багшгүй боловсрол - төрийг царайчилсан боловсрол - төрөөс хараат боловсрол - мунхаг боолууд л гэж буугаад байна да, миний хувьд.

Гэхдээ арай ч энэ зүйл биелэх боломж гарахгүй байлгүй дэ;)

Номын тухайд монгол эхийг Эрка багшаас, англи хэл дээр нь эндээс олоод үзээрэй: Cesare Beccaria "On crimes and punishments".

Wednesday, March 4, 2009

Александр Дюмагийн гурван шумуул

ТМ телевизээр энэ жилийн хамгийн гайхалтай кино болоод байгаа Slumdog Millionaire-ийг орчуулан гаргаж байх юм. Сонсож байхнээ Жамалын ялагч болох асуултыг ингэж орчуулж байна: ''Александр Дюмагийн гурван шумуул гэсэн үлгэрт гардаг баатар аль нь вэ?, Арамис, тэр тэр..." гээд авдиймдаа.
Give me five, see you гэх мэтийг чаддагүймаа гэхэд энийг арай ч дээ. Би уг нь энэ зохиолыг бараг хүн бүр уншаагүй гэхэд олон кинонуудынх нь аль нэгийг үзсэн байдаг байх гэж боддог байсийн, үгүй юм шиг байна. Энэ твнүүдийн орчуулга үнээр алнаа.

Wednesday, February 25, 2009

Эх сурвалж

Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж уншиж байхад төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номын нээлт ч юмуу уншигчдын уулзалт дээр ярилцацгаана гэж найдаж байна.

Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.

Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.

Sunday, February 15, 2009

Хэр тайван байгаагаа шалгаарай

Эдгээр зурагнуудыг Японы сэтгэцийн эмч Акиошиш Китаока зохиожээ. Японы сэтгэцийн эмчийн нотолж байгаагаар бол сайтар амарсан, тайван байгаа хүний хувьд эдгээр зураг нь огт хөдөлгөөнгүй шахам байх ёстой ажээ. Харин зураг нь нэлээд идэвхитэй хөдөлж байгаа харагдаж байвал хүн ядарч, стресст орж эхэлж байгаагийн шинж. Харин зураг нь бүүр ч илүү хурдтай хөдөлж харагдаж байвал бүр ч хүнд стресст орсны тэмдэг тул сайтар амарч, алжаалаа тайлах цаг болжээ гэсэн үг.
Ажлын өдрийн эхэнд болон ажил дуусах үед харж хэр хөдөлгөөнтэй байгааг нь харьцуулаад үзээрэй.
www.103.mn

Wednesday, February 11, 2009

Нүгэл

Халуун галт тамын тухай номлолоороо алдартай санваартан тосгоноос нүүх болжээ. Нэгэн хөгшин эмгэн түүн дээр төхөж очоод "Таныг явах гэж буйд би маш их харамсаж байна, Таныг энд ирэхээс өмнө бид нүгэл гэж юу болохыг мэддэггүй байж" гэв.