Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж уншиж байхад төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номын нээлт ч юмуу уншигчдын уулзалт дээр ярилцацгаана гэж найдаж байна.
Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.
Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.
No comments:
Post a Comment